Өнгөрсөн долоо хоногт НАСА “Артемис 2” даалгавраар дөрвөн сансрын нисгэгчийг сар руу нисгэсэн. Тэгвэл сансрын нисгэгчид сарыг тойрон нисэхдээ бэлтгэж байна. “NASA” мэдээлснээр нисгэгчдийн сууж явж буй Orion хөлөг Улаанбаатарын цагаар өнөөдрийн 12:41 минутад сарны татах хүчний нөлөөллийн бүсэд нэвтэрч, сарны гадаргуудаас 66 мянган км зайд ойртох юм. 01:56 минутад Orion хөлгийн багийнхан Аполлон 13 даалгаврын нисгэгчид тогтоосон рекордыг эвдэнэ. Аполлон 13 даалгаврын нисгэгчид дэлхийгээс 400,171 км зайд нисэж, сарыг тойрч хүн дэлхийгээс хамгийн хол зайд очсон рекордыг тогтоосон юм. Orion хөлөг энэ рекордыг 6,600 км-ээр эвдэх төлөвтэй байна.
Харин мягмар гарагийн /2026.04.06/ 02:45 минутад Orion хөлөг сарыг ажиглан зураг авч, судалж эхлэх товтой байна. Orion мягмар гарагийн 06:44 минутад сарны дэлхийд үзэгдэхгүй талаар өнгөрөх тул НАСА-тай харилцаа хэсэг хугацаанд тасарна. 07:02 минутад Orion сарны гадаргуугаас 6,500 км зайд нисэж, сартай хамгийн ойртож очно. 07:25 минутад нисгэгчид дэлхий мандахыг (сарны захаар дэлхий цухуйж харагдах) харах юм.
08:35-09:32 минутад нар хиртэхийг Orion ажиглана. 09:20 минутад сарыг ажиглах даалгавар нь дуусна. Лхагва гарагийн 01:25 минутад сарны татах хүчний нөлөөллийн бүсээс гарч, дэлхий руу буцах маршрутдаа орно. Энэ товлосон цагууд тухайн үеийн нөхцөл байдлын улмаас өөрчлөгдөх боломжтой.
