Манай улсаас албадан гаргасан гадаадын иргэдийн тоо энэ оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.84 хувиар нэмэгдсэнийг ГИХГ мэдээллээ. Тодруулбал, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан ч Монгол Улсаас явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр 277 иргэнийг албадан гаргажээ. Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 16 улсын 235 гадаадын иргэнийг хилээр оруулалгүй буцаав.
Тус газраас оны эхний улиралд 58 удаагийн хяналт шалгалт хийж, 200 аж ахуйн нэгж, байгууллагын 1579 гадаадын иргэнийг хамруулсан байна. Зөрчилд холбогдсон, гадаадын 3002 иргэн, 843 уригч байгууллага, 12 уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, 11 аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага хүргүүлжээ.
