Энэ оны зургаадугаар сарын 1 /2025.06.01/-ний өдрөөс эхлэн 10-аас дээш жилийн насжилттай автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй байх шийдвэр хэрэгжих гэж байна. Дээрх шийдвэрийг иргэд эсэргүүцэн үл хөдлөх хөрөнгө болох автомашиныг нь үнэгүйдүүлэх нөхцөл бүрдэж байна хэмээн бухимдалтай хандаж байна.
Тэгвэл энэхүү шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /2024.11.15/-ны өдөр гаргаж, захирамжилсан байна.
Тодруулбал, “Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлтэй дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай” А/1348 дугаар захирамжийн 3 дэх хэсэгт энэ тухай шаардлагыг тодорхой дурджээ. Ингээд тус захирамжийн 3.1.6-д “Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх” гэсэн бол мөн тус захирамжийн 3.1.8-д “Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх” гэсэн заалт оруулжээ.